2010-12-01

"Гей хүмүүсийг ялгавран гадуурхахыг зогсооё" аяны видео



ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгэмд гарсаар буй ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд Монголын нийгмийн анхаарлыг хандуулснаар ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль гаргах үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" уриан дор 4 сарын турш орон даяар явуулах аяны кампанит ажил 11-р сарын 16-нд буюу Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийн төлөө олон улсын өдрөөр эхэллээ.

Энэхүү аяны ажлын маань видеонууд нь орон даяар NTV, C1, UBS телевизийн сувгуудаар 11-р сарын 16-наас эхлэн гарч байгаа ба олон түмэнд хүргэх анхны сэдэв нь "Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг". Видеонуудын бүрэн хувилбарын манай төвийн вэбсайтаас мөн тухай бүрт нь орж үзэх боломжтой. Ийнхүү 3-р сарын 18-ыг дуустал бид кампанит ажлынхаа зургаан сэдвээ гурван долоо хоног орчмын зайтайгаар шинэчлэх юм. ЛГБТ Төв нь эдгээр эрх тэгш байдлыг дэмжигч телевизүүдтэй хамтран ажиллах хүрээнд аяны хугацаандаа ЛГБТ хүмүүсийн өмнө тулгамдаж буй асуудлуудын тухай эдгээр телевизийн нэвтрүүлэг, ток шоүд оролцон, нийгэмд зөв зүйтэй мэдээлэл түгээх юм. Аяны ажлаа аль болох олон хүнд хүргэснээр Монгол Улсдаа ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн, бүх хүний эрхийг дээдэлсэн нийгмийн соёлыг хөхиүлэн дэмжих юм.

Аяны ажлын хугацаанд нийгмийн бүх салбар давхаргын хамралтыг хангасан байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар явж, албан байгууллага, их дээд сургуулиуд дээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа, асуулт хариултын үйл ажиллагааг зохион байгуулах юм. ЛГБТ Төвөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар тухай бүрт нь www.lgbtcentre.mn/mn/news/lgbtcampaigns.­html хаягаар мэдээлнэ.

No comments:

Post a Comment