2013-09-25

Эхнэртэй гей эртэй холбогдохгүй байх 8 шалтгаан

1. Хамгийн сайн мэддэг хэрнээ нэг их ач холбогдол өгдөггүй шалтгаан бол “буруу”. Ихэнх эхнэртэй гей эрчүүд "бид бол сайн найзууд, ах дүүс, анд" зэрэг үгээр өөрийн гэр бүлээс гадуурх сексийн харилцаагаа халхлах гэж оролдож байвч эцсийн бүлэгт энэ бол араар тавилт. Эхнэртэй залуу болон түүний найз өөрсдийнхөө харилцааг нь жинхэнэ хайр гэж бодож итгэж байлаа ч түүний эхнэр хэзээ ч түүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ёс бус зүйл гэж л дүгнэнэ. Төлөв төвшин, зөв хүмүүжилтэй хүн хэзээ ч ийм зүйлийн нэг хэсэг болохгүй гэж хүн бүр л боддог шүү дээ. Би эмэгтэй биш эрэгтэй хүнтэй уулзаж байгаа болохоор энэ бол араар тавилт биш гэж боддог цайчихсан бодолтой эрчүүд бас монголд бий.

2. Хэрвээ эхнэртэй залуутай холбогдвол чи үргэлж хоёрдогч нь байх болно. Түүний эхнэр болон гэр бүл хэзээд нэгт тавигдана гэдэгтэй үг дуугүй эвлэрэх хэрэгтэй болно гэсэн үг. Найз залуу чинь чиний хажууд байх хэрэгтэй чухал үед түүнийг ирнэ гэдэгт чи хэзээ ч бүрэн итгэлтэй байх боломжгүй. Тэр хэзээ ч яваад өгч магадгүй. Хэдийгээр чамд сайхан үг хэлж, сэтгэл минь чиний дэргэд гэх боловч аль хэдийнэ эхнэрийнхээ дэргэд оччихсон байх болно. Бусад хүмүүстэй найз залуугаа гээд нүүр бардам танилцуулж чадахгүй, гадуур ч тайван зугаалж хамтдаа цагийг өнгөрөөх талаар манай улс шиг хүн ам цөөтэй газар бодоод ч хэрэггүй. Энэ чиний үерхлээс хүсдэг зүйл мөн гэж үү?


3. Худал хуурмаг зүйлсээр дүүрэх болно. Гэр бүлээсээ гадуур харилцаа тогтоосон эрчүүд та хоёрыг зэрэг хуурах хэрэгтэй болдог. Эхнэрээ ч бас чамайг ч адил хуурна. Тэр юу ч гэж хэлж байсан эхнэр, гэр бүлээ хэзээ ч орхихгүй бас дээрээс нь тэр эхнэртэйгээ унтахгүй байна гэж байхгүй шүү дээ. Чамд хардах, харамлах эрх байхгүй. Аль алинаас нь хамгийн сайн сайхныг нь авч чадаж байхад яагаад түүнд эвтэй найртай халуун дулаан гэр бүлээ бусниулах шаардлага гарна гэж? Чи бол түүний хувьд зүгээр сексийн хэрэгцээ, зүгээр нэг чам шиг гомо залуугаас болж өөрийнхөө  нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн стрээт амьдралыг орхино гэж үү? Эцэст нь хэлэхэд чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ?

4. Гэр бүл гэдэг гей гэдгээ нуух гэж, эсвэл эцэг эхийн шаардлагаар, нийгэмд байр сууриа эзлэх гэж бий болгодог зүйл биш. Хэрвээ чи гэр бүлтэй залууг сонирхоод байгаа бол өөрөөсөө нэг л асуултыг асуугаарай. Хэрвээ би түүний эхнэрийн оронд байсан бол яах вэ? Магадгүй чи өөрийгөө гэрлэж үзээгүй болохоор мэдэхгүй байна гэж бодож болох л юм. Гэвч тэр гэрлэсэн. Чи ч гэсэн нөхөрөө чамаас өөр эрэгтэйг хайрлахыг хүснэ гэж үү? Тэгэхээр өөр хүнд ч гэсэн тийм зүйл битгий хий.

5. Та хоёрын харилцаанд чиний хүлээж болох хамгийн сайн үр дүн бол тэр эхнэр, гэр бүлээ орхиж чам дээр ирэх. Үнэхээр ийм зүйл боллоо гэхэд тэр хүн чамд ч дараа нь ижил зүйл хийхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Тэр үед чамайг өрөвдөж, чиний талд орох хүн байхгүй л байх болов уу? Чаиайг нүглийнхээ горыг амсаж байна гээд л хараад сууцгаах болно гэдгийг бодолцож үзээрэй дээ.

6. Тэр хүүхэдтэй бол ээж аавыг нь салгасан чиний л буруу болох болно. Хэдий тэр эр чамд хайртай гээд чамайг сал гэж хэлээгүй байхад ийм зүйл хийсэн байлаа ч гэсэн. Тэд аавдаа хайртай учраас түрүүлж чамайг л буруутгах болно. Гэр бүлийг хагалан буталгагч нь битгий болоорой.

7. Хэрвээ аль хэдийнэ эхнэртэй залууд дурлаад, та хоёрын харилцаа эхэлчихсэн явж байгаа бол эртхэн нүдээ сайн нээгээд бодоод үзэхийг зөвлөж байна. Яаж ч бодсон эцэстээ муугаар төгсөх нь ойлгомжтой шүү дээ. Тэр нэг бол чамайг хаяна эсвэл гэр бүлээ орхиж чамтайг сонгосон ч насаараа чи бусдын өмнө буруутан болж амьдрах болно. Тийм учраас зөвхөн чамайг л хайрлах заяаныхаа ханийг олоорой. Аль хэдийнэ эхнэр гэр бүлтэй болчихсон сайхан залуугаас хавьгүй илүү чадварлаг царайлаг, ухаалаг ганцхан чамд хайртай залуу л чамд тохирно гэж бодож өөртөө итгэлтэй байгаарай.

8.Эхнэртэй гей эрчүүдийн хамгийн айдаг зүйл бол эхнэр нь мэдэхвий гэдэг айдас, тийм ч учраас тэд тагнуулч , нууц албаны ажилтан шиг байх хэрэгтэй болдог. Магадгүй тэр зөвхөн чамтай сексийн таашаал авах гэж уулздаг бол чамаас "би чамд хайртай" гэдгийг хэзээ ч сонсохыг хүсэхгүй. Найз нөхөд гэсэн нэрийдлийн доор чи зүгээр л ашиглуулж байгаа гэдгээ битгий мартаарай. Эцсийн бүлэгт чи түүнд хайртай бол сэтгэлээрээ биеэрээ зүгээр хохирч үлдэнэ гэдгийг сана.

No comments:

Post a Comment